17 Original Article / DOI: https://doi.org/10.22353/mjaae.2024130202 Товч агуулга: Монголын Их Юань улс 1274, 1281 онуудад Японд хоёр удаа халдан довтолсон боловч далайн хар шуурганд автаж сүйрсэн билээ. Хубилай хааны илгээсэн хэдэн зуун хөлөг онгоц Хаката булангийн Такашима арлын орчим далайд живжээ. Японы археологичид 1980-аад оноос Такашима орчим усан доорх археологийн системтэй судалгаа хийж судалгааны тайланг удаа дараа нийтлүүлсэн байна. Эдгээр бүтээлд Юаний флот Японд довтолсон түүхэнд холбогдох олон сонирхолтой олдвор хэрэглэгдэхүүнүүд гарсны дунд 13-14 дүгээр зууны монголчуудын эд өлгийн дурсгалтай харьцуулж болохуйц зарим олдворыг сонгон авч энэхүү өгүүлэлд ашиглав. Үүнээс үзэхэд Юаний флотын олдворууд дунд Монголоос олддог, агсарга бүс, эмээлийн чимэглэл, шор, малгайн чимэглэл зэрэг нүүдэлчдийн онцлогтой олдворууд цөөнгүй байна. Түлхүүр үг: Монголын эзэнт гүрэн, Юань улс, Хубилай хаан, Монголчууд Япон улсад довтолсон нь, Такашима, Хархорум, Монголын үеийн булшны олдвор Такашима арлын орчмоос олдсон Юаний флотын зарим олдворыг Хархорум хот ба Монголын үеийн булшны олдворуудтай харьцуулах нь Уламбаярын Эрдэнэбат 1, * Монголын Их Юань улс 1274, 1281 онуудад Японд халдан довтолсон боловч далайн хар шуурганд автаж сүйрсэн билээ. Хубилай хааны илгээсэн хэдэн зуун хөлөг онгоц Хаката булангийн Такашима арлын орчим далайд живжээ. Японы археологичид 1980- аад оноос Такашима орчим усан доорх археологийн системтэй судалгаа хийж судалгааны тайланг удаа дараа нийтлүүлсэн байна (Ikeda 2011). Эдгээр бүтээлд Юаний флот Японд довтолсон түүхэнд холбогдох олон сонирхолтой олдвор хэрэглэгдэхүүнүүд гарсны дунд 13-14 дүгээр зууны монголчуудын эд өлгийн дурсгалтай харьцуулж болохуйц зарим олдворыг сонгон авч энэхүү өгүүлэлд ашиглалаа. Тус өгүүллийн зохиогч 2010 оны 10 дугаар сард болон 2024 оны 3 дугаар сард Такашима дахь Юань гүрний довтолгооны түүхийн музейд зочилж зарим олдворыг нүдээр үзэх завшаан олдсон юм. Музейд хамгийн түрүүн нүднээ туссан олдворууд бол Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотоос элбэг олддог Юань улсын үеийн шаазангийн хагархай, төрөл бүрийн вааран савнууд байлаа. Хархорум хотыг малтахад төрөл бүрийн шаазан вааран савны хагархай хэлтэрхий хэдэн зуугаараа үе давхарга бүхнээс илрэн гардаг. Тэдний ихэнх нь Хятадын технологийн уламжлалын дагуу бүтээгдсэн байдаг. Тухайлбал, хамгийн элбэг нь цагаан өнгийн паалантай “дин”, “цычжоу”, хөхөвтөр ба улаавтар өнгөтэй “цзюнь”, цэгээн өнгийн “чинбай” зэрэг байх бөгөөд Юань улсын алдарт хөх цагаан “ченхуа”, селадоны төрлийн шаазангууд болох ногоон паалантай ”лунцюань”, “рү“ тэргүүтэн, өөр технологиор бүтсэн сав суулгын зүйл төрөл төрлөөрөө илрэн гарахын зэрэгцээ исламын урлагийн шинж чанарыг хадгалсан сав суулгын үлдэгдэл ч олддог билээ. Түүний зэрэгцээ орон нутгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох сайн шатааж хийсэн хар саарал өнгийн шавар сав суулга гардаг юм (Эрдэнэбат 2018). Харин Такашимагийн музейд байгаа далайн ёроолоос малтаж гаргасан шаазан сав суулгууд нь Хятад, Солонгос гаралтай байна. Хархорум хотоос олддогтой яг ижил сэтэлж хаясан далны яс, ташиж хугалсан чөмөг, хятад зооснууд, чулуун янтай, жингийн туухай зэрэг зүйлс байсныг энд ярихгүй. Бид энэхүү нийтлэлдээ юуны өмнө Такашима орчмоос олдсон Юаний цэргийн бүс, эмээлийн чимэглэл, шор, малгайн чимэглэл зэрэг нүүдэлчдийн онцлогтой цөөн хэдэн олдвор дээр тогтож ярихыг хүсч байна. Бүс бол нүүдэлчин ард түмний хувцасны соёлд нэн чухал байр эзэлдэг. Энэ нь тэдний өдөр тутмын амьдрал ахуйн онцлогтой холбоотой. Цаг агаарын хүйтэн сэрүүн нөхцөлд жавар салхинаас хамгаалж биеийнхээ дулааныг хадгалахад дээл хувцсаа заавал бүсэлж явах шаардлагатай. Түүнээс гадна чөдөр, ногт, хутга, хэт цахиур зэрэг хөдөлмөрийн багаж зэвсгийн зүйлсийг гарын дор бэлэн авч явахад бүс зайлшгүй хэрэгтэй байдаг. Аян дайнд мордсон цэрэг эрс илд сэлэм, саадаг хоромсогоо бүсэндээ зүүж агсдаг -------------------------------------------------------------------------------------- 1 МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Антропологи, Археологийн тэнхим, Нүүдэлчдийн археологийн хүрээлэн * Холбоо барих зохиогч: u_erdenebat@num.edu.mn https://orcid.org/0000-0003-0867-3691