Олон улсын харилцааг ерөнхий системийн онолын хандлагаар судлах нь П.Мягмардорж. /докторант/ ХИС-ийн ОУХ-ны тэнхимийн багш Удиртгал Дэлхийн II дайны дараа ОУХ-нд тогтсон 2 туйлт систем 1990-ээд оны эхэн үед задран унаж үзэл суртлаар хуваагдаад байсан өрнө дорнын эсрэгцэл дуусгавар болсноор олон тооны эрдэмтэн судлаачид XX зууны сүүлч, XXI зууны эхэн үеэс дэлхийн бодлого, олон улсын харилцаанд зарчмын томоохон өөрчлөлтөд орж байгаа тухай бичих болсон төдийгүй зарим нэг улс төр, олон улсын харилцааны судлаачид үндэстэн улс голлох байр суурьтай оролцох болсон Вестфалийн системийн суурь зарчмууд өөрчлөгдсөнөөр Вестфалийн үеийн ОУХ-ны систем (Вестфалийн эрин үе) задран, олон улсын харилцааны цоо шинэ эрин үе ирж буйг онцлон тэмдэглэх болсон байна. Даяаршлийн эрин үеийн янз бүрийн түвшний төрөл бүрийн хэлбэр бүхий ОУХ-ны үндсэн оролцогч нь (үндэстэн улс) өөрийн байр суурийг хадгалж үлдэхийн тулд гадаад бодлогынхоо зорилгыг (стратеги) тодорхой болгож тэрхүү зорилгодоо хүрэх өөрийн арга хэрэгслийг (тактик) зөв сонгох шаардлага ялангуяа жижиг улсуудын хувьд урьд урьдаас илүүтэйгээр томоохон сорилт болон гарч ирж байна. Өнөөгийн дэлхийн улс төрийн систем дэх даяаршлын үйл явц эрчээ аван гүнзгийрэхийн хэрээр аливаа улсын нийгэм улс төр, эдийн засаг, соёл иргэншилийн байдал нь гадаад орчин буюу ОУХ-ны системээс улам бүр хамаарах болсон тул гадаад бодлого, ОУХ-г системтэйгээр судлах шаардлага зайлшгүй бий болж байна. Иймд дэлхийн бодлого ба ОУХ-г судлахад системийн хандлагын ач холбогдолыг тодруулахад энэхүү ажлын гол зорилго оршино. 1