Бие хүн ба нийгэм
А. Хишигтөгс
Нийгмийг шинжлэх онолын интеграцчиллыг социологич Ж. Рицер обьектив,
субьектив хийгээд макро, микро гэсэн дөрвөн түвшинд ангилан үзэхдээ эдгээр нь өөр
хоорондоо харилцан хамааралтай гэдгийг тайлбарлажээ. Энэ утгаараа энэхүү эссэнд
онолын интеграгцчиллыг бие хүн болоод нийгэм (ялангуяа орчин үежсэн) хоорондын
холбоонд задлан дүгнэв.
Орчин үеийн нийгэм нь рационаллаг хийгээд үр ашигт тулгуурласан харилцаанд
үндэслэгдэх болжээ. Өнөөдрийг ойлгоё гэвэл өнгөрснийг үз гэдэг нь эволюцизмын
зарчим гэлтэй. Иймд эдүгээчлэгдсэн модернизац буюу орчин үежилтийг авч үзэхийн
тулд өмнөх хувьслын замыг тодруулахаас эхлэх нь зүйтэй. 1845 онд Карл Маркс
“Фейербахын тухай сэдвүүд” бүтээлдээ материализмаа танилцуулж, үзэл санаанаас
илүү эдийн засаг нийгэмд өөрчлөлт авчирдаг гэж үзэв. Марксын орчин үеийн
капиталист нийгэм хүний мөн чанарыг үгүй хийж, хүнийсгэдэг гэх үзэл санаа нь цаашид
Макс Веберт ихээхэн нөлөөлжээ. Тэрээр зөвхөн эдийн засаг биш нийгмийн бусад хүчин
зүйлс (хүнд суртал, рационалчлал гэх мэт) бие хүнд нөлөөлдөг гэв. Аж үйлдвэржилт,
шинжлэх ухаан болон инженерчлэлд суурилсан энэ нийгэм нь хувь хүмүүсийн өдөр
тутмын амьдралд хүйтэн тооцоот шинжээр дүүрсэн гээд үүнийг Вебер “урам хугаралт”-
ыг дагуулсан рационалчлал гэжээ. Энэ нь уламжлалт нийгэмд (Тённисынхоор
Гемейншафт) байсан үнэт зүйлс, сэтгэл хөдлөл бүхий байдлыг үгүй хийж үр ашгийг
чухалчлах үндэс болов.
Социологич Рицер Хойд Америк, Өрнөд Европын соёл нь орчин үе гэгдэх үгтэй
дүйх болсныг шүүмжилж, бие хүмүүсийн хувьд урьд хожид байгаагүй нийгмийн үйл
явцыг судалсан нь МакДоналдчилал. Энэ үеийн нийгмийн тод илрэл болох
МакДоналдчилал бие хүний хувьд уг рационал юм шиг боловч үнэн хэрэгтээ
иррационал аж. Үүний тод жишээ бол хурдан шуурхай хооллохын үр дүн дэх эрүүл
мэндийн доройтол (таргалалт, кока кола зэрэг) байна. Үүнийг Рицер “рационал
байдлын цаадах иррационал байдал” хэмээн нэрийджээ.
1902 онд Чарлез Кули өөрийн тухай үзэл бидний амьдралд чухал бусдын үзэл
санааг тусгадаг гэсэн нь Мийдийн “Би” бүрэлдэх санаанд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл
оюун ухаан ч тэр угаас нийгмийн шинжтэй гэсэн үг. Мийд “над” гэдэг нь бусадтай
харьцсанаар төлөвшдөг зан хандал (бихевиор), хандлага гэж үзсэн. Мийдийн хэлснээр
“Оюун ухаан нь нийгмийн орчны утгаас тусгаар гэвэл хэзээ ч оршин тогтнож чадахгүй”
аж. Бэлгэ тэмдэг болон үйлчилж, “эргэцүүллийн орчлон”-г босгодог дохиогоор
дамжуулан хүүхэд төрсөн цагаасаа харилцаа холбоог мэдэрч эхэлдэг. Нэг ёсондоо бие
хүн бол хүүхэд байхаас эхлэн нийгмээс юмсыг “импортлон” авдаг. Өөрийн тухай, бид
хэн болох тухай үзэл маань төрсөн цагаас эхлэн бидэнтэй хамгийн ойр байсан
хүмүүстэй харьцсанаар хөгждөг. Хувь өөрсөд нь биологийн гэхээс илүү энэ харилцааны